Дэлгэрэнгүйг дээрх видео ярилцлагаас үзээрэй.
Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт их сургуулиа төгссөн цагаас хойш урлагийн салбартаа тууштай ажиллаж, мэргэжилдээ улам бүр дурлаж буй СТА, жүжигчин Т.Баттулгыг урьж ярилцлаа. Тэрээр хангалттай ганц бие амьдралын жаргалыг мэдэрч, гэр бүлтэй болоход бэлэн болсон тухайгаа ярьсан юм. Мөн аливаа зүйлд шунаж, бачуурах биш өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж тайван жаргалтай амьдралыг илүүд үздэг тухайгаа ч хуучилсан билээ.
"Би хүүхэд байхдаа даруухан байгаагүй. Гэрт тогтдоггүй л хүүхэд байсан. Найзуудтайгаа өдөржин гадаа тоглож байгаад орой л ирдэг. Хүүхэд цагаа найзуудтайгаа их өнгөрөөсөн дөө. Аав ээж минь, “Миний хүү дуртай зүйлээ л хий” гэдэг байсан. Энэ нь надад их таалагддаг байсан юм. Ингэж болохгүй, чи урлагийн хүн болж яах гээд байгаа юм. Чи заавал эмч байх ёстой гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Миний гэр бүл хүсэл сонирхлыг минь их ойлгодог. Би багаасаа л биеэ даасан маягтай өссөн. Олон дугуйланд явдаг байлаа. Баримлын, зургийн, таеквондогийн гээд л. Одоо бодоход олонтой байх нөхцөлийг ээж, аав маань бүрдүүлж өгч байсан юм болов уу.
Би урлагт их хайртай. Ажлаа хийхдээ асар их таашаал авдаг. Уран бүтээлээрээ амьсгалж, тухайн дүрээрээ ертөнцийг үзэж, ийм хүн байж болох юм байна гээд л ажлаа хийхдээ маш их таашаал авдаг. Мэргэжлийнхээ ачаар нэг цагдаа болно. Нэг эмч болно. Тэр нь их сайхан. Би өөрөө минималист байхыг хичээдэг хүн. Өөртөө дааж давшгүй ачаа үүрүүлэхийг боддоггүй. Энгийн байхыг хичээдэг. Заавал би тийм байранд амьдрах ёстой. Заавал би тийм машин унах ёстой гээд л зээл тавьж түүндээ түүртээд л, тэрийгээ төлж чадахгүй бухимдаад, бусдад тэр бухимдлаа гаргаад байх хэрэггүй. Хэмжээ хэмжээндээ л байхыг хүсдэг.
Зарим хүмүүс хэлдэг. Ганц л амьдрах юм чинь яадаг юм бэ. Ууж идье гээд. Харин ч ганц амьдрах юм чинь бурхнаас өгсөн бие хааг маш гоё зөв авч явж хайрлах ёстой гэж боддог. Өөртөө арчаатай байх хэрэгтэй. Би одоо өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарал тавьж байгаа. Өмнө нь их хайнга. Бие хаагаа боддоггүй байсан. Одоо бол тэр утгагүй байдлаас залхаж өөрийгөө хайрлаад зөв чиг шугамаар явахыг хичээж байна.
Сайхан гэр бүлтэй болоод аз жаргалтай амьдрах л хүний амьдралын чин хүсэл байдаг шүү дээ. Үр хүүхдээ гаргаад сайхан өсгөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гээд. Би бол гэр бүл зохиоход айхавтар оройтоогүй гэж боддог. Юундаа яарах вэ дээ. Ганцаараа байх амьдралаа мэдрэх их дуртай. Одоо бол хүнтэй сууж гэр бүл бүтээх гоё нас, цаг хугацаан дээрээ ирчихсэн юм болов уу гэж бодож байгаа. Бэлэн болсон санагдаж байна”.