Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд /13 нас, эм/ вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэхүү дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд:
-Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,
-Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессеж чат бичиж байгааг хянах,
-Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,
-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах
-Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.