А.Навальныгийн эхнэр Юлия Навальная нөхрийнх нь оршуулах ёслолд ирсэн олон нийтийг хараад “бага ч атугай” найдлага төрсөн талаараа хэлжээ. Улмаар энэ сарын 17-нд буюу ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр жагсаал хийхийг олон нийтэд уриаллаа.
Түүний нөхөр, А.Навальный агсан нас барахаасаа өмнө энэ өдөр Оросын эрх баригчдын эсрэг жагсахыг мөн ард иргэддээ, дэмжигчдэдээ уриалсан байдаг. Тиймээс нөхрийнхөө эцсийн хүслүүдийн нэгийг Юлия Навальная биелүүлж байна гэж барууны хэвлэлүүд тодотгож байна.
Навальныйгийн оршуулгад хэдэн мянган хүн оролцсон ба шууд дамжуулалтыг нь 200 мянга гаруй хүн үзэж байжээ. Мөн Навальныйг нас барснаас хойш улс даяар 400 гаруй хүн баривчлагдсан гэх тооцоо мэдээ бий. Хэрэв Юлия Навалньныйгийн уриалга биеллээ олох юм бол Орос даяар 11 цагийн бүсэд эмх замбараагүй байдал үүсэж, энэ нь сонгуулийн өдөр Оросын эрх баригчдад томоохон асуудал үүсгэж болзошгүй.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд сүүлийн 20 гаруй жил төр барьж байгаа В.Путин дахин сонгогдох нь дамжиггүй гэж шинжээчид үзэж буй. Тухайлбал, олон нийтийн санаа бодлын судалгаагаар В.Путиныг 80 гаруй хувь нь дэмжиж байгаа аж. Харин Юлия Навальная сонгуулийн өдөр саналын хуудсан дээр Навальныйгийн нэрийг бичих зэргээр эсэргүүцлээ илэрхийлж болно гэж ард иргэддээ хандан хэлжээ. Тэрбээр өөрөө ОХУ-д байхгүй байгаа. Хэдий тийм ч түүний уриалга ард иргэдэд нөлөөлбөл тэрбээр нөхрийнхөө сөрөг хүчний дүрийг баттай залгамжлан авна гэж шинжээчид үзэж байна.
Харин Кремлийн зүгээс Навальный болон түүний дэмжигчдийг хууль дүрэм зөрчигчид, барууны суртал ухуулгачид гэж үздэг. Мөн Навальныйгийн нас барсан явдалтай В.Путин холбоотой эсэх ярианг няцаасан юм. ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-наас 17-ны хооронд болно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.