Фантастик продакшны “ZURA III Цэвэрлэгээ” УСК нээлтийн үеэр бид жүжигчин Б.Одбаяртай уран бүтээлийнх нь тухай цөөн хором ярилцлаа. Тэрээр урлагийн салбарт хөл тавьсан үеэсээ хариуцлагатай байх чанарыг өөртөө суулгаж чадсан тухайгаа онцолсон юм.
Энэ талаар ярихдаа, “Маш гоё байна шинэ киногоо нээгээд 1000 урилга тараасан. Нэг ч хүн хоцролгүй, бүгд ирсэн байна. Танхим дүүрэн үзэгчдэдээ киногоо үзүүлэх гээд байж байна. Мэдээж шинэ уран бүтээлээ ахиулж давуулж хийхийг бодож байгаа. Гаднын уран бүтээлчдийг авчирсан тул туршлага илүү суусан юм болов уу. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа гол баримталсан зүйл маань гэвэл, Шинэ үе продакшнд байхаас эхлээд л надад суусан. Энэ бол хариуцлага. Яг дааж авсан ажлаа л хариуцлагатай хийх хэрэгтэй. Бүгд чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй. Би ямар ажил хүлээж авсан, түүнийгээ л бусдад төвөг удахгүй хийх нь миний чин хүсэл. Миний дааж авсан ажилд нөгөө хэд маань санаа зовохгүй. Би зовоохгүй байх л чухал. Гаднын жүжигчнийг тоглуулаад, амраагаад, аваад явах нь миний ажил байсан. Тэр жүжигчин хэзээ, ямар цалин хөлсөөр ирэх нь манайханд огт хамааралгүй. Тэр хүн энд ирээд бүх процесс өнгөрсний дараа манайхан Стив буцсан уу гэдэг мэдээлэл байхад л болно. Үүн шиг би ч бас бусдынхаа ажилд ордоггүй. Энэ бол манай багийн үндсэн зарчим” гэлээ.