Өчигдөр буюу гуравдугаар сарын долоонд Фантастик продакшны 17 дахь уран бүтээл Зура 3 “Цэвэрлэгээ” УСК нээлтээ хийлээ.
Тус киноны найруулагч Б.Тамир, “Кинонд нийт 200-аад уран бүтээлч оролцсон ба нийт 60 гаруй хоногт зураг авалтаа хийсэн. Бид бүхэн ер нь 5, 5 жилийн төлөвлөгөө гаргасан байдаг ба энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу дараагийн уран бүтээлдээ орсон байгаа. Мэдээж Фантастик продакшны хувьд бүгд мэргэжлийн жүжигчид учир сайн зохиол олдвол тайзны уран бүтээлд хүч сорино. Кино маань монголын нийгэмд тулгарч буй “Хэн нь эзэн бэ?” гэдэг асуудлыг хөндсөн” хэмээн ярилаа.
Мөн Зура 3 киноны ганц эмэгтэй гол дүрд тоглосон Б.Ганболор “Аригийн дүр нь монголд төдийлөн гарч ирдэггүй дүр. Фантастик продакшны хамт олонтой хамтарч ажиллах явцдаа хариуцлага болон багаар хамтарч ажиллах чадварыг маш сайн сурсан. Хэрэв өөр дүрд тоглохоор сонгогдвол тэр дүр маань өмнө нь бүтээсэн дүрээс өөр дүр байвал илүү гоё санагдана” гэлээ.
Зура кино нь нийт 3 ангитай ба хамгийн анхны анги нь 2020 оны тавдугаар сарын 16-ны өдөр дижитал нээлт хийсэн. Харин Зура 2 “Цурам ажиллагаа” кино нь 2022 оны есдүгээр сарын 9-ны өдөр нээж байсан бол гурав дахь анги нь ийнхүү нээлтээ хийлээ.