Энэ сарын 7-нд Фантастик продакшн “ZURA III Цэвэрлэгээ” УСК-гоо нээлээ. Энэ үеэр бид кино багийн уран бүтээлчидтэй цөөн хором ярилцсан юм. Тэд уран бүтээлийнхээ тухай ярихаас гадна эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Жүжигчин Э.Алдар: Миний хувьд маш их хичээсэн уран бүтээлээ өлгийдөн авч байна. Долоон жил шинэ дүрээр гарч ирээгүй шүү дээ. Тийм болохоор маш их айдастай байна. Намайг харахад тайван, хүмүүстэй зураг даруулаад инээж байгаа ч, дотроо зүрх түгшээд л байж байна. Сайхан байна.
Мөн монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Та нар маань сайхан баярлаарай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Та наргүй бол бид хэн ч биш. Эрчүүд байхгүй бол та нар хэн ч биш шүү. Ингээд л бүгдээрээ тэнцүү эрхтэй.
Жүжигчин Ц.Ганзориг /СТА/: Эмэгтэй хүн шударга байх ёстой. Гэхдээ буруу шударга байж болохгүй. Эмэгтэйчүүд маш зөөлөн л дөө. Аль болох суурьтай, бодолтой эр нөхрөө хүндэтгэж, үр хүүхдээ хайрладаг энэрэнгүй байгаасай гэж хүсдэг. Сүүлийн үед тэр чанар жаахан алдагдаад байна. Манай эмэгтэйчүүд биднийг бодвол зүрх сэтгэл сайтай, амьдралд заримдаа биднээс илүү чанга хатуу, амьдралыг үүрч явах чадалтай, хүчирхэг байдаг. Эмэгтэй хүний хайр маш сайхан. Энэ ярилцлагыг үзэж байгаа монголын сайхан ээж, бүсгүйчүүд, охидууддаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та бүхний минь эрх үргэлж хамгаалагдаж явах болтугай. Бүсгүйчүүд үргэлж нүдэндээ зовлонгийн нулимс биш аз жаргалын нулимстай, дүүрэн байх болтугай.
Мөн манай Фантастик продакшны уран бүтээлүүд чанартай, чансаатай бүтээлүүдээрээ ялгардаг. Өмнө нь би Зура нэг дээр өөрөө тоглонгоо зургийн дарга хийж байсан. Зура хоёр дээр ажиллаж амжаагүй. Гурав дээр өөрсдийн багтайгаа зургийн даргаар дахин орж ирлээ. Мэдээж залуус маань их чанар нэхдэг. Их шандас шалгасан уран бүтээлд ажиллалаа. Би ч өөрөө шандас шалгасан уран бүтээлд ажиллах их дуртай. Маш их баяртай байна.