Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзээрэй.
Мөрөөдлийн театрын хамт олны тайз, дэлгэцийн 23 дахь уран бүтээл “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг нээлтээ хийгээд долоо хоног өнгөрчээ. Тус жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин МУСТА О.Энхтуултай бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цөөн хором ярилцлаа.
Тэрээр, “Эмэгтэй хүн хамгийн гол нь сайхан ээж байх хэрэгтэй. Эр нөхрөө хайрладаг байх ёстой. Хүний хайрын дээдийг хүртэж амьдрах хувьтай хүмүүс гэж боддог. Тухайн эмэгтэй өөрөө хүнийг хүндэлж хайрлаж чадах л юм бол тэртээ тэргүй эрэгтэй хүмүүс бүгдээрээ л эмэгтэй хүнийг алган дээрээ бөмбөрүүлээд л, сайхан хайрлаад л явна шүү дээ. Ер нь эмэгтэй хүн дотроо гуниггүй сэтгэлдээ жаргалтай байвал гэрэлтэж харагдана.
Хааяа яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө гэж бодох үе гарна. Нэг их сайхан эр хүн болоод төрчихсөн бол гээд л. Тэгэхээр эмэгтэй хүн, ээж хүн байна гэдэг тийм амар биш байх нь.
Яг одоогийн байдлаар эмэгтэй хүн болоод баярлаж байснаа санахгүй л байна. Хамгийн сайхан нь анх хүүхэд гаргаад эх хүн болох явдал. Тэр үед л эмэгтэй хүний мөн чанар яг юунд байдаг вэ гэдгийг маш их ойлгож, агуу хайр сэтгэл дотроос ундарч гардаг юм билээ. Энэ бол эмэгтэй хүний бахархал. Бүхэл бүтэн хүнийг бүтээж байгаа учраас тэр л маш агуу. Миний бодлоор эмэгтэйчүүд бид дэлхийн хамгийн тод өнгө.
Бүх эмэгтэйчүүддээ ялангуяа монголынхоо эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргээд эрүүл энх аз жаргал эрх чөлөөг хүсэн ерөөе. Эмэгтэй хүн ганцхан ээж байх гэж төрөөгүй гэдгийг манай охидууд ойлгож, ажил төрөлдөө үнэнч байж эрх чөлөөгөө мэдэрдэг байгаарай” гэсэн юм.