Франц улс үр хөндүүлэх эрхийг үндсэн хуульдаа тусгасан анхны улс болж, түүхэнд бичигдлээ. Франц улсын одоогийн үндсэн хууль нь 1958 онд батлагдаж байсан юм. Тус үндсэн хуульд нийт 25 удаа нэмэлт өөрчлөлт хийгдэж байснаас хамгийн сүүлийнх нь 2008 онд байсан. Өөрөөр хэлбэл Франц улсын парламент 16 жилийн дараа үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг үндсэн хуулиар хамгааллаа гэсэн үг юм. Франц улсын парламент нь дээд, доод гэсэн хоёр танхимаас бүрддэг. Дээд танхим болох Сенат, доод танхим болох Үндэсний Ассамблейн нийт 925 сенат болон ассамблейн гишүүдээс 780 нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байгаа юм. Парламентын санал хураалтын дүнг улс орон даяар шууд дамжуулан хүргэж байсан. Үндэсний ассамблейн олонхын тэргүүн Яэл Браун-Пивет хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэмлэхүй олонхоор дэмжигдсэн тухай зарласны дараагаар парламентын гишүүд босч зогсон алга ташиж байсан нь шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харагдаж байсан юм. Хуулийн нэмэлт өөрчөлтийг Франц даяар таатай хүлээн авсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын өмнө авсан санал асуулгаар иргэдийн 85 хувь нь дэмжиж байгаа гэх үр дүн гарч байсан аж. Тиймээс ч иргэд нийслэл Парис хотын төвд Эйфилийн цамхагийн дэргэд олноор ирж, баяраа тэмдэглэж байсан юм.
Эx Сурвалж: https://www.bbc.com/