Багтай хүн хэн бэ? #1
Үнэгний багны цаанаас Фэнгшүй Ганбаа, Босоо Ганбаа гэх мэт олон цол гуншинтай УИХ-ын гишүүн Биндэръяа овогт Сайнхүүгийн Ганбаатар гарч ирлээ.
Ингээд түүний тухай 3 сэжүүрийг дэлгэрүүлэн тайлъя.
Тайлал – 1
Иргэн Ганбаатар тэртээ 2007 онд төв талбайд өрнөж байсан иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог байсан. Тэр үед одоогийнх шиг барилга байшингийн булан тохой бүрт 00-той кафе, дэлгүүр байгаагүй учраас тэмцэгчид давсгаа яаж суллах вэ гэдэг толгойны өвчин байсан юм. Харин талбайн баруун талын ҮЭ-ийн 00 л тэдний аминд ордог байлаа.
Тэмцэгч Ганбаатар ҮЭ-ийн 00-оор өдрийн хэд орж гарахдаа тухайн байгууллага эзэнгүйдэж, лидер удирдагч хайж байгааг соргогоор олж мэдсэн юм. Ингээд МҮЭХ-ны тэргүүний сонгуульд тэр даруйдаа оролцож, Ерөнхийлөгч нь болсон билээ.
Энэ үеэс тэр олонд хүчтэй танигдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдох зам мөр нь нээгдсэн юм.
Тайлал – 2
Тэр 2000-аад оны эхэн үеэр Хаан банкны Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан. Харин Английн банканд ажиллаж байсан гэх түүх нь адармаатай. Ам хэл дагуулж, архив баримт шүүлгэж, албан ёсоор ажиллаж байгаагүй нь азаартсан ч дадлага хийж байсан нь бол үнэн гэдэг. Тэгэхээр энэ бол яах аргагүй туршлагынх нь нэг хэсэг мөнөөс мөн.
Тайлал – 3
Ганбаатар 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа солонгос хүнээс 50 сая воннын хандив авч байгаа бичлэг задарсан. Энэ нь нэр татуулах хэмжээний зөрчил байсан ч сонгууль дууссанаас хэзээ хойно ердөө 1.4-хөн сая төгрөгийн торгууль төлөх шийтгэл хүлээсэн байдаг. Өдгөө тэр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Бид энэ удаа үнэгний багийг хамтдаа тайллаа.
Ирэх баасан гарагт цоо шинэ багтай оролцогчийг таах болно.