Энэ онд дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж, нийт дөрвөн тэрбум хүн сонгууль өгнө. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюуны учруулж болох эрсдэл, түүний сонгуульд үзүүлэх нөлөөний талаар шинжээчид болон хэвлэлүүд анхааруулж эхэлсэн. Тэгвэл Доналд Трампын дэмжигчид түүнийг хар арьст иргэдтэй хамт байгаа мэт зургийг хиймэл оюун ашиглаж хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Ингэснээр Африк гаралтай Америкчууд Бүгд найрамдах намаас нэр дэвших өндөр магадлалтай Д.Трампыг дэмжих нь нэмэгдэж магадгүй эсэхийг тэд туршжээ. Гэхдээ энэ зураг нь Трампын албан ёсны кампанит ажилтай ямар нэг холбоотой гэх нотолгоо байхгүй гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 2016 оны сонгуульд гадны оролцоо байсан гэж тухайн үед олон нийт, хэвлэлийнхэн хардаж, шуугиан тарьж байсан. Гэвч тухайн үед гарсан аливаа хуурамч зургийг Америкчууд өөрсдөө хамгийн ихээр хуваалцаж буюу өртөж байжээ. Тиймээс энэ удаа Флоридад радио подкаст явуулдаг Марк Кэй гэх залуу өөрийн багийн хамтаар Трампыг хар арьст эмэгтэйчүүдтэй хамт байгаа мэт зургийг хиймэл оюун ашиглан хийсэн нь энэ болж байна. Тэд үүнийгээ 1 сая гаруй гаруй дагагчтай фэйсбүүк хуудаснаа нийтлэхэд доорх сэтгэгдлүүд дээр үнэхээр энэ зургийг үнэн гэж бодсон иргэд олон байжээ. Энэ туршилтыг хийсэн багийнхны зүгээс хиймэл оюун ашиглаж хийсэн эсэхээс хамааран тухайн нэр дэвшигчийг дэмжих эсэх шийдвэр нь өөрчлөгдөж байвал сонгогчдын боловсролд анхаарах асуудал бас үүсэж байгаа гэдгийг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, нэг зураг л хичнээн хүний анхаарал, санаа бодлыг өөрчлөх хүчтэй байгаа нь иргэдэд улс төрийн боловсрол хэрэгтэйг харуулсан туршилт боллоо гэжээ. Энэ багийн хувьд ийнхүү туршилт хийсэн бол Трампыг дэмжигчид сайн дураараа түүнийг өөр хүмүүстэй байгаа зураг олноор хийдэг байна. Ингэхдээ ихэвчлэн хар арьст америкчуудтай буюу түүнийг дэмжих хамгийн бага магадлалтай нийгмийн бүлгийг онилж, тэдэнтэй хамт байгаа мэт зураг хийдэг аж. Харин Жо Байдены хувьд тодорхой зорилтот нийгмийн бүлэгтэй хамт байгаа мэт харагдуулсан хиймэл оюун ашиглан хийсэн зураг харьцангуй бага байдаг аж.