Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээний урт хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах замаар, хүний амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар гарын үсэг зурсан юм.
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай 2015 оноос эхлэн гурван жилийн хугацаатайгаар санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2016-2020 онд “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар”, 2020-2022 онд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн бол 2023-2026 онд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа юм.
Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хот, Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн “Аврагч мазаалай”, “Аюулгүй өрх”, “Галын аюулгүй байдлыг хангах” зэрэг танхимуудыг тохижуулахад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн.
Мөн нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар хэлтэс, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн чадавхыг сайжрууллаа.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын /risk.nema.gov.mn/ веб сайтад “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г боловсруулан нэвтрүүлж, гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээллийн санд нэгтгэх боломжтой болсон.
“Аюулгүй ирээдүй-аюулгүй өрхөөс” уриатай гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулийг “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд 2018 онд шинээр боловсруулж, төслийн зорилтод нийслэл Улаанбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс, Орхон аймгуудад нийт 466 сургагч багшийг бэлтгэж, тэдгээр сургагч багш нараар дамжуулан 20.642 иргэнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгосон байна.
Эx Сурвалж: Онцгой байдлын Ерөнxий Газар