Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв бусдын үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэлийг андаж, хариу залруулга гаргах хэмжээнд хүрч доройтсоныг олон нийт шүүмжилж байна.
Тодруулбал сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа, “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй гэж боддог” гэж нийтэлсэн юм. Уг постын хариуд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв албан ёсны пэйж хуудаснаа залруулга гаргажээ. Залруулгад, “Олон нийтийн цахим сүлжээнд "Ч. Лодойсамбуу" гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл нийтэлж байгааг үүгээр залруулж байна” гэв.
Ингэхдээ сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн постыг скрийн шот хийж, “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ” гээд тод улаанаар тамгалжээ.
Үүнийг олон нийт,
- Хүн хувийн хаяг дээрээ бодлоо "боддог" гэж ирээд тодорхой бичсэн байхад худал мэдээлэл гэхийг ойлгосонгүй. Хаана мэдээлэл байгаа юм бэ.
- Мэдээ, мэдээлэл биш БОДОЛ гэж байна. Найгүй харанхуй хүмүүс юм.
- Хүний бичих постыг, анаж тандаад, сууж байдаг завтай хүмүүс юм аа гэж шүүмжилсээр байна.
Харин зарим хүмүүс энэ байдлыг ёжлон цахим хуудаснаа, “МЭДЭГДЭЛ: Миний тухай буруу зөрүү юм бодож явдаг бол эртхэн хэлээрэй. Хүн тус бүрээр чинь залруулга гаргах болно” гэх мэтээр хошигнож буй юм.