Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн сувгаар “Оюу толгой” компани ажилтнуудынхаа цалинг 25-30% буурууллаа гэсэн мэдээлэл гараад байгаа. “Оюу толгой” компанийн зүгээс энэ талаар тодруулан, тайлбар авлаа.
“Оюу толгой” компанийн Хөдөлмөрийн Харилцаа хариуцсан менежер Ж. Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд “Оюу толгой” компанийн ажилтнуудын цалин хөлсөд өөрчлөлт орсон гэсэн яриа гараад байгаа. Ямар өөрчлөлт орж байгаа мөн яагаад хийх болсныг тайлбарлаж өгнө үү?
–Энд нэг зүйлсийг тайлбарлан хэлэх нь зүйтэй болов уу. Бид ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалинг огт өөрчлөөгүй, хэвээр байгаа мөн, бусад нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүд ч өөрчлөлт ороогүй хувь хэмжээ нь хэвээр байгаа. Жишээ нь: уурхайн уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувь байдаг. Энэ хэвээр байгаа. Хэвийн бус нөхцлийн нэмэгдэл 10-16% мөн хэвээрээ. Нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл зэрэг хэвээр олгогдож байгаа.
Харин юу өөрчлөгдөөд байна вэ гэхээр илүү цаг болон шөнийн ээлжний нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь яамнаас гаргасан холбогдох журмын дагуу хийж байгаа өөрчлөлт. Уг журам бараг 2 жилийн өмнө хүчин төгөлдөр болсон ба “Оюу толгой” компанийн тухайд шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилтнуудад тусаж байгаа нөлөөллийг харгалзан 2 жилийн хугацаанд энэхүү журмыг хэрэгжүүлээгүй. Одоо Компанийн хувьд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд үүссэн учраас энэхүү журмыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа.
Энэ журмаар зохицуулах дундаж цалинг тооцоолох аргачлалын талаар зөрүүтэй ойлголт яваад байх шиг байна. Тухайн ажилтны өмнө нь гар дээр авсан цалин хөлсийг ажилласан цагт нь хуваах замаар илүү цаг, шөнийн ээлжийн нэмэгдлийг бодох цагийн хөлсийг гаргаж авдаг тооцоолол. Өмнө нь ажилтны дундаж цалинг тооцохдоо гар дээр авсан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал гээд гарт олгож байгаа бүх цалин хөлсний бүрэлдэхүүнийг ажилласан цагт нь хувааж, дундаж цалинг тооцоолоод, холбогдох нэмэгдлийг олгож байсан. Тус тооцооллын дагуу ийнхүү ажилтны нэмэгдэл хөлс орсон дүнгээс дахин нэмэгдэл хөлсийг тооцож байсан. Ингэснээр зарим ажилтнуудын цалин сараас сард нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байсан юм. Компаниас хэрэгжүүлэх энэ шийдвэр бараг хоёр жилийн өмнө батлагдсан яамнаас гаргасан дундаж цалин хөлс тооцоолох журамд оруулсан нэмэлтийн дагуу хийж байгаа өөрчлөлт юм.
Уурхайн ажилтнууд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уртын ээлжийн тэгш хуваариар ажиллах болсноор цалин хөлс буурсан сөрөг нөлөөллийг бага байлгах үүднээс энэ журмын нэмэлтийг хэрэгжүүлээгүй ирсэн. Ажилтны нэмэгдэл хөлс, нэг удаагийн шагнал урамшуулал орсон дүнгээс дундаж цалин хөлсийг тодорхойлсноор урьдчилан тооцоолоогүй хэд хэдэн сөрөг үр дагаварыг бий болгосон.
Энэ шийдвэрийг олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасан гэдгийг энд тэмдэглэмээр байна. Үүнд:
1. Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчим алдагдаж, ажилтнуудын дунд үүсээд байгаа цалин хөлсний ялгаатай, тэгш бус байдал улам даамжирсан;
2. Ажилтнуудын дунд шөнийн ээлжинд ажиллах өрсөлдөөн бий болж, мөн сунаж ажиллах сонирхол нэмэгдсэн нь ажил амралтын хуваарийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгаа ба цаашдаа ажилтнуудын алжаал ядаргааг нэмэгдүүлж, эрүүл мэнд,сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүссэн;
3. Цалин хөлсний ялгаатай байдлын улмаас ажилтнуудын ажлын байрандаа өсөж хөгжих, албан тушаал дэвших сонирхол эрс багассан. Энэ нь нарийн ур чадвар шаардсан эсхүл удирдах түвшний ажлын байранд залгамж халаа хомсдох эрсдэл бий болгосон;
4. Илүү цаг болон шөнийн нэмэгдлийн тооцооллоос шалтгаалсан тасралтгүй өсөлтөөс үүдэлтэй тогтоон барих боломжгүй ажиллах хүчний зардлын өсөлт 2023 онд бий болсон;
5. Энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол манай компаний урт хугацааны бизнесийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байх үр дагавартай. Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, ажилтнуудаа урт хугацаанд найдвартай
ажлын байраар хангах, тэгш шудрага цалин хөлсний системтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нухацтайгаар олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасан бизнесийн чухал шийдвэр болохыг дахин тэмдэглэж байна.
– Компани Үйлдвэрчний эвлэлийн хороотой, ажилтнуудын төлөөлөлтэй энэ асуудлаар хамтран ажиллаж байгаа юу?
Өнгөрсөн долоо хоногт буюу 3-р сарын 1-ний өглөө “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал болон ахлах удирдлагын төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийг хүлээн авч, уулзаж ярилцлаа. Хэд хэдэн уулзалтыг одоогоор хийсэн бөгөөд Ажлын хэсэг байгуулан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр цаашид хамтран ажиллахаар боллоо.