Манай улсын хэмжээнд 12,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 4000 орчим нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн өгсөн мэдээллээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж дуут дохиогоор тоноглосон гэрлэн дохиот явган хүний гарцыг Улаанбаатар хотын хэмжээнд 26 байршилд байршуулжээ. 4000 хүний хувьд энэ тоо нь чамлалттай үзүүлэлт. Эдгээр дуут гэрлэн дохионууд хүртээмж муутайгаас гадна байнгын ажиллагаатай байдаггүй нь харааны бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулдаг байна.
МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ НИЙГМИЙН АЖИЛТАН Г.ГАНЗОРИГ:
"Манай холбоо жил бүр харааны бэрхшээлтэй иргэдээ төлөөлж эдгээр дуут дохиог шаардлагатай цэгүүдэд байршуулж, хүртээмжийг сайжруулах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад гаргадаг. Гэвч бидэнд тодорхой хариулт өгдөггүй. Жишээ нь хараагүйчүүд олноороо зорьж ирдэг манай холбооны ойролцоох 3-4 явган хүний гарцаас ганц нь л дуут гэрлэн дохиотой байна. Энэ хүртээмжгүй байдлаас болж хараагүй хүмүүс бие даан амьдрах, нийгмийн харилцаанд орох эрхээ өдөр тутамдаа хязгаарлуулж байдаг.
Мөн цөөхөн байдаг дуут гэрлэн дохионууд чанар муутай, стандартын шаардлага хангадаггүй, монголын цаг агаарт тохироогүй зэргээс шалтгаалж заримдаа ажилддаггүй.Тэр болгонд бид заавал хэн нэгнээс тусламж гуйх шаардлагатай болдог. Хэрэв боловсрол, төрийн үйлчилгээний байгууллагууд ойр орчимдоо ийм дуут гэрлэн дохиотой болчихвол бид хэн нэгнээс хамаарахгүйгээр нийгмийн харилцаанд орох бүрэн боломжтой. Бидний асуудлыг шийдэж өгөхөд төсөв, мөнгө хүрэлцдэггүй эсвэл сэтгэл дутдаг байх " хэмээн бидэнд ярьлаа.