Энэ сараас эхлэн Тикток хэрэглэгчид Universal Music Group-ийн уран бүтээлчдийн дууг дүрс бичлэгтээ ашиглах боломжгүй болж байна. UMG-ийн зүгээс уран бүтээлчдийнх нь дуунуудыг өнгөрсөн сард багтаан ашиглахаа бүр мөсөн зогсоох шаардлагыг өнгөрсөн долоо хоногийн эхээр Тиктокт хүргүүлсэн байна. Мөн өнгөрсөн сарын эхээр Тиктокын толгой компани болох БНХАУ-д байршилтай ByteDance технологийн компани болон UMG-ийн хоорондох гэрээ дуусгавар болсон байгаа юм. Талууд гэрээг сунгах тохиролцоонд хүрч чадаагүй буюу харилцан ашигтай гэрээний нөхцөлийг үүсгэж чадаагүйн улмаас тийнхүү хамтын ажиллагаагаа дуусгахад хүрсэн. UMG-ийн уран бүтээлчдийн дуу, бүтээлийг татан буулгах ажил гэрээ дуусгавар болсноос 3 хоногийн дараа буюу 25 хоногийн өмнөөс эхэлсэн бөгөөд уг хугацаанд талуудын дахин хэлэлцээрт хүрэхээр ярилцаж байсан ч амжилт олоогүй аж. Сүүлийн үед уран бүтээлчид дангаар бус хэд хэдээрээ хамтран бүтээл гаргах үзэгдэл түгээмэл болоод байгаа. Тэгвэл UMG-ийн Тиктокт тавьсан шаардлагын дагуу тухайн уран бүтээлийг бүтээх явцад өөр, өөр агентлагийн уран бүтээлчид оролцсон эсэхээс үл хамааран тус группт бүртгэлтэй уран бүтээлч, ая зохиогч оролцсон л бол заавал татан буулгах ёстой болоод байгаа аж. Энэ нь өөр бусад агентлагийн уран бүтээлчдийн эрхийг зөрчсөн хэрэг болох зэргээр маргаантай асуудлуудыг үүсгэж магадгүй байна. Мөн Тиктокийн мэдээлснээр платформ дээрх хит буюу хэрэглэгчдийнх нь түгээмэл ашигладаг дуунуудын 30 гаруй хувь нь тус группийнх байдаг аж.
https://www.billboard.com/