Ч.СЭЛЭНГЭ: АМЬДРАЛАА НУУЦЛАГ, НАНДИН БАЙЛГАХЫГ ХИЧЭЭДЭГ. АЛЬ БОЛОХ ОЛОН КИНОНД ТОГЛОЖ САВСГАНАХГҮЙ...
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан бид жүжигчин Ч.Сэлэнгэтэй ярилцлаа. СУИС-д элсэн суралцах гээд гурван ч удаа шалгалтдаа тэнцэлгүй унасан тэр шантралгүй хичээсээр сургуульдаа тэнцэн, хүссэн мэргэжлээрээ сурч төгссөн юм. Өдгөө хоёр ихэр хүүхдийн ээж болсон жүжигчин Ч.Сэлэнгэ гурван жил  алдсан хугацаагаа алдаа биш, боломж хэмээн хүлээн авч, цаг мөч бүрийг үнэ цэнтэй өнгөрүүлэхийг л эрмэлзэх болсон аж. Сонгосон мэргэжилдээ эзэн болохыг хичээж буй эл залуу бүсгүйтэй бид мэргэжлийнх нь үнэ цэнийн талаар болон монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баярын тухай бодол хийгээд нандин дурсамжийнх нь талаар ярилцлаа. 

Тэрээр, "Юун түрүүнд үзэгч та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.  Би мэргэжлээрээ ажиллаад явж байгаа залуу жүжигчин Ч.Сэлэнгэ байна. Миний хувьд би их залуудаа ээж болсон юм. СУИС-д ороод л гуравдугаар курсдээ ээж болж байлаа.  Гурван жил алдсан байсан учраас дахиж чөлөө авах ямар ч найдваргүй байсан хэрэг л дээ. Тийм үедээ жирэмсэн болоод, түүнийгээ таг нуучихсан. Тэгж явж байгаад л найман сарын нэгэнд төрөөд, есөн сарын нэгэнд хичээлдээ орж байсан юм. Чөлөө авч л болохгүй гэсэн зорилготой. Хоёрт би амжилттай сурна гээд их хичээдэг байсан юм. Илүү дутуу зүйлд цаг үрж, сургууль дээр хийцгүй цагийг өнгөрөөхгүй гээд л. Ямар нэгэн зүйлийг заавал хийнэ. Давхар хүүхдүүдээ сайн асарна гээд л хичээнэ. Бүр их зорилготой болсон гэх юм уу. Хүүхдүүдтэй болсноос хойш өшөө илүү амжилтаар дүүрэн байсан. Цагийн төлөвлөлтийг зохион байгуулж сурсан. Худлаа эморохоо больж бодит байдлыг логикоор сэтгэдэг болсон.

СУИС-д шалгалт өгөх болгонд бороо ордог. Бороотойд алхаад явж байхдаа мөрөөдөж байсан болгон бодит байдал дээр биелэлээ олсон байна. Ер нь миний мөрөөдсөн хүсэл болгон биелдэг. Би Жүжигчин Ч.Сэлэнгэ гэх нэрийг авч явж байгаа учраас аль болох сошиалд ч тэр хүмүүст буруу үлгэрлэх, эсвэл юм болгонд савсганах, амьдралаа хэтэрхий илчлээд л влог энэ тэр хийх дургүй. Аль болох нандин нууцлаг байгаасай гэж хүсдэг. Жүжигчид бага харагдах тусам бүтээсэн дүр нь олонд хүрдэг байх.  Аль болох олон кинонд тоглохгүй гэж боддог. Бүтээж буй дүр болгоноо чанартай бүтээх юм сан... 

Саяхан "366 дахь өдөр" УСК олон нийтийн хүртээл болсон. Киноны нэр маань их сонирхолтой. Яг 20-30 насны залуусын ганцаардах мэдрэмжид их хань болох кино. Киноны зохиолыг 25 настай залуус бичсэн юм. Ялгаварлан гадуурхалт гэх үеийн үед байгаа л асуудал. Одоо арван жилд илүү их болсон юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу, эсвэл энгийн хүнээс арай өөр харагддаг. хэн нэгний тухай... Манай кинонд албино охин тоглосон. Тэр охиноор төлөөлүүлээд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртөж байгаа хүн бүрд зориулж, бусдыг ойлгоосой гэсэн үүднээс бүтээл талаас нь хийсэн кино" хэмээн ярилаа.

Бид үргэлжлүүлэн түүнээс сар шинийн баярыг хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг талаар болон баярын үнэ цэнийг залуу гэр бүлийн хувьд юу гэж хардаг тухай ярилцсан юм.

Тэрээр, "Манай аав өөрөө малчны хотноос төрсөн хүүхэд. Их үндсэрхэг үзэлтэй. Миний санахын 20 гаруй наснаасаа л цагаан сар тэмдэглэж байсан. Залуудаа л идээ будаа засаад л. Одоо зарим хүн тэмдэглэхгүй болохоор аав ээжээс асуудаг юм. Яагаад залуудаа тэмдэглэж байсан юм гээд. Тэгэхэд тэмдэглэх биш. Залуу хүн ч гэлээ ахмадуудаа буцаад цай уулгах ёстой гэдэг. Тэр нэг талаараа зөв. Залуу хүний хувьд хааяа ингэж их өргөн хүрээтэй тэмдэглэх ёстой ч юм уу гээд бодно. Тэгэхээр аав ээж өөдөөс байхгүй болгодог л доо. Жилийн ганц өдөр л хамаатан садантайгаа уулзаж байна гээд л. Яг л тэгдэг юм билээ. Одоо улам холдоод л цагаан сараар л нэг уулздаг болсон. Бага насны л цагаан сарууд их дурсамж болоод үлдсэн байдаг. Цагаан сарыг үл тоодог хүн байхыг үгүйсгэхгүй. Магадгүй муухай дурсамжтай, цагаан сарыг гунигтай өнгөрүүлсэн байж магадгүй. Гэхдээ үүнийг хувь хүн талаасаа биш, үндэсний баяр гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаад, ахмадууд дээр очоод, ядаж л шинийн нэгэндээ эрт босож мөрөө гаргаад, халуун сүүтэй цайгаа уугаад тэмдэглээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна