Г.ГАНХУЯГ: БЯРААР ДИЙЛЭХГҮЙ Ч, УХААНААР ДАВЖ ЯВНА
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

“Хөрөг” нэвтрүүлгийн сар шинийн баярт зориулсан тусгай дугаарт Ховд аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын Харцага Ганбаатарын Ганхуяг оролцлоо. Түүний хувьд чөлөөт болон үндэсний бөхийн спортын хослуулан барилдаж, хоёуланд нь амжилт гаргаж буй залуу бөх билээ. Том биетэй бөхчүүдийг бяраар дийлэхгүй ч ухаанаар давж явна гэж ярих түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Тэрээр “Би арван жилээ Ховд аймгийн Булган сумын Минжид цогцолбор сургуулийг төгссөн. 2014 онд төгсөж ирээд, Аварга дээд сургуульд суралцаж, 2018 онд төгссөн. Арван жилдээ дотуур байранд байдаг байсан. Хоолоо идэж гарч ирээд, орой биеийн тамирын талбай дээр очиж, дотуур байрныхаа хүүхдүүдтэй барилдаад л...

Би чөлөөт бөхөөр 2015 оны эхээр хичээллэж эхэлсэн. Чөлөөтийн ах нарынхаа доор элсэж, ах нарынхаа хувцсыг угааж, массаж хийж явсаар өдий зэрэгт хүрч байна.

Улсын харцага цолны барилдаан сайхан байсан. Улсын начин болж, улсын босго алхчихсан учраас Улсын харцага цолны барилдаанд сэтгэлзүй сайн бэлтгэгдсэн. Улсын цол авчихсан учраас шийдсэн мэхээ хийгээд барилдъя гэсэн зорилготой гарч, санасаараа барилдаад л авсан даа. Угаасаа начин болсон учраас алдах зүйл байхгүй л гэж бодсон. Багш нар, аав, ээж бүгд ирсэн байсан. Тэр барилдааныг хийхийн тулд л бид бэлтгэл хийдэг. Мянган өдрийн бэлтгэлээ тэнд л гаргая гэж бодоод барилдсан даа. Би өөрөө итгэлтэй байсан. Өмнөх жилийн наадамд гурав даваад, дөрөв дээр унасан байсан.

Хүмүүс ч надад итгэдэггүй юм шиг санагддаг. Жижигхэн биетэй, жин багатай бөх улсын цол авна гээд ярихад хүмүүс наанаа “За” гэж байгаа ч цаанаа жаахан дургүй “Ёстой залж байна даа” гэж боддог юм шиг байна лээ.

Хүмүүст заавал өөрийгөө батлах бус өөрөө өөртөө тавьсан зорилгодоо эзэн байвал боллоо. Намайг “Азаар зургаа давлаа даа. Од нь гийгээд давсан даа” гээд байдаг юм билээ. Хэчнээн од нь гийсэн, азтай байсан гээд бэлтгэлээ сайн хийхгүй бол цаашдаа амжилт гаргахгүй. Цаашдаа ямар амжилт гаргахыг хувь хүний бэлтгэлийн систем, форм мэдэхээс сошиалын цаанаас хүмүүс мэдэхгүй шүү дээ. Намайг Сумын заан байхад Аймгийн начин болох байх л гэж боддог байсан. Аймгийн арслан болтол аз нь гийгээд болчихлоо гээд л. Тэгээд Улсын харцага болтол хоёр, гурван хүн надад “Ах нь чамайг улсын цол авна гэж итгэдэггүй байсан. Ахыгаа уучлаарай” гэж хэлсэн.  Би “Зүгээр ах аа. Хүн хүний л бодол өөр. Би өөрөө том зорилго тавиад бэлтгэлээ сайн хийвэл сайн барилдана” гэж боддог.

Жилийн бүх хугацааг бэлтгэлээ яаж хийх вэ, яаж сайжирч, олимп, дэлхийн том тамирчин болох уу гэсэн зорилготойгоор бэлтгэлээ хийж өнгөрүүлдэг. Спортын төв ордонд шигшээ багаараа Б.Баяраа багш дээрээ чөлөөтийн бэлтгэлээ хийж байна. Үндэсний бөхийн бэлтгэл бараг хийхгүй байна. Чөлөөтөөр 86-д барилдаж байгаад  өгсөөд, 92 болсон. 92 кг-ийн жинд хоёр жил барилдсан. Одоо 97 кг-д орж Улсын аварга болсон. Чөлөөт бөх, үндэсний бөх хоёулаа гоё. Надад чөлөөт бөх илүү гоё. Монгол улсаа, ард түмнээ төлөөлөөд дэлхийн том том тамирчидтай гар зөрүүлж, ялж, ялагдаж явах нь гоё. Дэлхийн тавцанд очиж, монголынхоо далбайг мандуулах нь гоё. Бид эх орноо сурталчилж байгаа шүү дээ.

Бөх барилдана гэдэг шатар, даам тоглож байгаа юм шиг л юм болдог. Хэд хэдэн нүүдлийн цаадахыг харж барилдахгүй бол чөлөөт бөх дэлхийд нэлээн хөгжиж, үндэсний бөх мэргэжлийн түвшинд очлоо. Сумын заан ч, Улсын арслан, аварга ч ялгаагүй хувь хувийнхаа бэлтгэл хийж байна. Дөрвөн улирал бэлтгэлтэй байсан хүмүүстэй барилдаж байгаа болохоор тактиктай, техникээр барилдахгүй бол том бөхчүүдийг дийлэхгүй. Тиймээс би бичлэгийг нь үзээд, тактик зохиож барилддаг.  Би Хангай аваргатай барилдлаа гэж бодоход бяраар ч дийлэхгүй, жингээр ч дийлэхгүй. Тиймээс хөлийг гарыг нь авах мэх хийдэг. Хүмүүс “Энэ хөлд орохоос өөр мэхгүй” л гэдэг. Хөлд орохын тулд, тэр мэхийг хийхийн тулд их цаг хугацаа зарцуулж байгаа шүү дээ.

Би Улсын харцага цолтой болсон. Үндэсний спорт гэдэг утгаараа ард түмэн бөхчүүдээ дээдэлдэг, хайрладаг. Тиймээс би хаана ч явсан ёс зүйтэй байхыг хичээдэг. Нэг бөх асуудал гаргавал бөхчүүд гээд нийт массаар нь ярьдаг учраас бөхчүүдийнхээ нэр хүндийг боддог. Монголоос гараад л монголын тамирчид гэж ярьдаг учраас бөхчүүдийнхээ, эх орныхоо нэрийг  сэвтээхгүй юм сан гэсэн бодолтой явдаг.

Цагаан сарыг нутагтаа аав, ээждээ очиж тэмдэглэх дуртай. Яагаад ч юм багаасаа хөдөө өссөн, хүүхэд байхад цагаан сар хүсэн хүлээдэг баяр байсан учраас тэмдэглэх их дуртай. Шинийн нэгэнд найз нөхөдтэйгөө морио эмээллэж, аав, ах нартайгаа зүгээ гаргаж, уул овоондоо цацал сүүгээ өргөчихөөд, найзуудтайгаа айл хэсэж, ах дүүгээрээ явах дуртай. Үүгээр л Монгол улсыг гадаадууд таньж мэдэх, өв уламжлалаа дээдэлж, хайрлаж явах чухал. Тиймээс залуучууд маань монгол гэдгийг юугаар төсөөлөх вэ гэхээр эрийн гурван наадам, цагаан сар зэрэг үндэсний тодотголтой цөөн баяруудаа тэмдэглэж, үндэсний өв соёлоо авч үлдэхийг уриалъя” гэв.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна