С.БАТЗОРИГ /ИШЧҮҮ/: “ТЭНГИС ДАЛАЙ ҮЗҮҮЛНЭ ЭЭ ЭЭЖДЭЭ” ГЭЖ ХИЧЭЭСЭЭР ЯВТАЛ, ОРОЙТСОН БАЙХ ВИЙ, ЗАЛУУС АА!
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 3 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

“...Ээж минь байгаа хэр нь намайг мартчих вий л гэхээс айж байна.  Одоо тэнгис далайг нь үзүүлж болно л доо. Гэтэл түүнийг ээж минь мэдэхгүй, мэдрэхгүй болчих л аймар юм байна. Хаврын цэцгийг цэцэг байхад нь, яргуйг яргуй байхад нь гэдэг шиг, залуу байх үед нь л илүү их хайрлаж, сайхан бүхнийг мэдрүүлээсэй гэж залуустаа захимаар байна...” гэж ярих жүжигчин Ишчүү буюу С.Батзоригтой бид ярилцлаа.

Насан өндөр болсон түүний ээж хорвоогийн хатуу жамаар зөнөглөх өвчинтэй нүүр тулж, ээжийнхээ ачийг хангалттай сайн хариулж, хайрлаж чадаагүй гэж харамсах хүү нь, жаргааж амжаагүй байхад, хүүгээ мартах вий гэж айж эхэлжээ.

Мөн урлагийн салбарт 20 гаруй жил шантрахгүй зүтгэж яваа тэр саяхан уран бүтээлч хүнийхээ эмзэглэл дээр үндэслэн, хүүхэд хүчирхийллийн эсрэг Ээж УСК-гоо гарган, үзэгчдийн хүртээл болгож буй талаараа хуваалцлаа.

-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Ингэхэд яагаад Ишчүү гэх нэртэй болсон бэ?

-Оюутан цагийн дурсамжтай л холбоотой юм.  Хүмүүс Ишчүү гэж дуудсаар байгаад бүр сурчхаж. Урлагийн салбарт төгссөнөөсөө хойш 20 жил зүтгэж байна. Нэг мэдэхэд л өнгөрчээ. Цаг хугацаа хурдан юм. Саяхан л төгсөх шиг болсон. Одоо 20 жил болж шүү дээ.

-Ээж УСК гарч байгаа. Мэдээж уран бүтээлчдийн эмзэглэл дээрээс гарсан байх. Уран бүтээлийнхээ талаар яриач?

-Ээж УСК бол дэлхийн найман оронд гарсан. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг кино. Энэ бол ашгийн бус бүтээл. 2021 оны эхний гурван сарын байдлаарх судалгааг харахад, тоог нь санахгүй байгаа ч үнэхээр аймар байсан. “Юу вэ” гээд шоконд орсон. Бүртгэгдсэн тоо нь л тэр байсан. Бүртгэгдээгүй хүчирхийлэл олон бий гэж байгаа юм. Ковидын үед ахуйн архидалт их байсан шүү дээ. Тэгээд л ширэнгийн хууль гэдэг шиг хүчгүйгээ дээрэлхсэн байгаа юм. Хүүхэд эмэгтэйчүүд үүний хамгийн том золиос болсон юм.

-Кинонд тоглож байхдаа дүр бүтээж буй хүүхдийнхээ нүднээс тэр эмзэглэлийг мэдэрсэн байхад, бодит байдал дээр олон хүн хүүхдийн галгүй болсон харцыг мэдрэхгүй байгаад байна шүү дээ. Тийм ээ?

-Тэр маш аймар байсан. Би охиноо яг загнадаг хэсэг гардаг. “Ээж” киноны гол дүрд миний охин  Хулан тоглож байгаа. “Хаачих гэж байгаа юм” гээд л орлиход, дав хийгээд л, “гарчхаад ирье” гээд харц нь ямар ч галгүй болчихсон. Тэр үед би бодож байсан юм. “Яана аа. Би ингэж аймар загнадаггүй шүү дээ. Яагаад ийм аймар байгаа юм бол” гээд л. Яг ийм нөхцөлд, хайраас гадна амьдарч байгаа ямар их хүүхэд байгаа бол оо. Яагаад үүнийг бид анзаарахгүй байгаа юм бэ. Энэ асуудал байсаар байхад яагаад утсаараа гүйлгээд л өнгөрдөг юм бэ. Хүүхдүүд айж байна шүү дээ. Ийм аймар орчинд байвал би үхчихнэ шүү дээ гээд. Үхэхгүйн тулд хөөрхий тэмцээд байна шүү дээ. Үлдвэл би үхнэ гэдгээ мэдээд байгаа нь л аймар. Энд тэнд тийм хүүхдүүд зөндөө байна шүү дээ хөөрхий минь.

Би сая энэ номоос харлаа л даа. Хүний дундаж амьдрах цаг нь 650 мянган л цаг байдаг юм байна шүү дээ. Энэ цагаа дөнгөж эхлүүлээд, хорвоог орхиж байгаа ямар их хүүхдүүд байдаг бол.

-Бид өдөр болгон гэхэд хилсдэхгүй, хүүхдийн хүчирхийллийн асуудлаарх мэдээ харж байна. Ингээд хандалт аваад л дуусаад байна.

-Тийм ээ. Яг хандалт аваад л өнгөрч байгаа юм.

-Таны хувьд томчуудын өмнөөс уучлал хүсмээр санагддаг уу?

-Тийм асуудал мэдээж байдаг. Тэр тухай бичмээр яримаар санагддаг. Үүнийг зарим хүн худлаа попорч байна гэж хардаг. Энэ худлаа биш. Хүүхдийг хүссэнээр нь сайхан амьдруулаагүй, энэ хорвоогоос эрт буцсан, хайрыг мэдэрч чадаагүй, энэ орчлонгийн гоё сайхныг мэдэрч чадаагүй хүүхэд бүрээс уучлал хүсэж байна.

-Уран бүтээлч хүнийхээ талаас таны эмзэглэл ийм байна. Хувь хүн талаасаа танд айж түгших асуудал байгаа талаар хэллээ шүү дээ. Юу болсон юм бэ?

-Миний ээж одоо 84 нас хүрч байгаа. Олон жилийн өмнө харвасан юм. Харвалтаас болоод, бие хаа нь зүгээрч, ой санамжаа алдах, зөнөглөх, мартаж санах өвчинтэй нүүр тулсан. Энэ их айхтар юм. Амьдралын жам л юм даа.

-Та яг юунаас айгаад байгаа юм бэ?

-Миний айгаад байгаа зүйл бол, ээж минь хүүхдүүдээ хольж сольж байна. Намайг нэг л өдөр ороход мартчихсан байх вий дээ. Үүнээс л их айж байна. Ээж минь байгаа хэр нь намайг мартчих вий гэхээс айж байгаа юм. Би ээж аавынхаа гэрт очихдоо, залуу үеийнх нь зургуудыг үздэг юм. Ийм гоё залуу байхад нь би өшөө том байсан бол гэж боддог. Зарим хүмүүс гоё л доо. Ээж аавдаа гадаад орон үзүүлээд л. Одоо байгаа дээр нь авч яваад үзүүлье гэсэн ч хөл гар нь явж чадахгүй болж, түүнийг мэдэрч чадахгүй нь аймар. Түүнээс биш аваад л явна. Тэнгис далайг нь үзүүлж болно. Түүнийг мэдрэхгүй болчих л аймар. Хүн хүнийгээ байгаа дээр нь л гоё хайрлаасай. Юмыг мэдэрдэг байгаа дээр нь. Дурсамжийг нь бүтээгээрэй. Хаврын цэцгийг цэцэг байхад нь, яргуйг яргуй байхад нь гэдэг шиг. Залуу байхад нь илүү их хайрлаад, сайхан зүйлсийг мэдрүүлээсэй л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна