Б.БАТДЭЛГЭР: ААВ ЭЭЖ БАЙХЫН ЗОВЛОН, ЖАРГАЛ ДААНЧ ИХ ЮМ БИЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 4 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

Бид энэ удаа Шар гэгээ, Бүүвэй тэргүүтэй УСК-г найруулсан найруулагч Б.Батдэлгэртэй ярилцлаа. Амьдралынхаа дийлэнх хугацааг урлагийн салбарт зориулсан тэр эрхэм багшаасаа өвлөсөн хүн байх эрдмийг санан санасаар бүтээлүүдээ туурвисаар иржээ. Түүнтэй бид аав, ээж байхын зовлон, жаргал их байдаг талаар болон амьдралынх нь замыг чиглүүлсэн ачит багшийнх нь тухай дурсан ярилаа.

ХҮН БАЙХ ЭРДМИЙГ ӨВЛҮҮЛЖ, НАЙРУУЛАГЧ БОЛОХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН БАГШИЙНХАА АЧААР ӨНӨӨДРИЙН ЗЭРЭГТЭЙ ЯВЖ БАЙНА

-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Бид кино урлагийн салбарынхан биш юм болохоор дэлгэцээр гарч буй жүжигчдийн талаар л сонирхдог. Та өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байв аа?

-Баярлалаа. Би СУИС-ийг дүүргэж байлаа. Одоо найруулагч мэргэжлээрээ ажиллаад явж байна. Төгссөн цагаасаа хойш Монгол туургатан театрт ажилласан. Тэнд найруулагч Ганхуяг багш маань байсан юм. Багш маань намайг найруулагчийн амьдрал руу оруулж байсан. Тэр цагаас хойш хөдөөгийн театруудаар найруулагч, жүжигчин гээд, юу хийж болох тэр болгоноор ажиллаад одоогоор дэлгэцийн урлаг руу орж ирээд байна. Миний бие даасан анхны бүтээл бол Сорил УСК байсан. Түүний дараагаар Бүүвэй гэх кино хийсэн. Монголд анхны нэг жүжигчинтэй кино юм. Бүтээл маань энэ сарын 30-наас бүх IPTV сувгаар үзэгчдэдээ хүрэх гээд байж байна. Гурав дахь бүтээл маань Шар гэгээ. Үзэгчдэд хүрээд сар гаруй хугацаа өнгөрч байна.

-Өнөөдрийн зэрэгт хүрсэн тань багшийн тань гавьяа байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Найруулагч хүнд хамгийн чухал чанар бол, хүний төлөө цохилдог зүрхтэй, хүн байх явдал. Миний багш мундаг хүн л дээ. Надад хүн байхын мөн чанарыг л зааж байсан. Эмнэлэгт хэвтэхээр шөнө 3-4 цагт “миний хүү яаж байна” гээд чихэр, жимс бариад ороод ирдэг. Найруулагч хүн тийм л байх ёстой. Уран бүтээлчдэдээ санаа зовдог. Байгаа бүх сэтгэлээ гаргадаг.  Би ч гэсэн багшийнхаа тэр зан чанарт ойрхон байхыг хүсдэг. Багшийнхаа заасан зан мөрөөр л өнөөдрийн зэрэгтэй явж байна.

ШАР ГЭГЭЭ УСК БҮХЭЛДЭЭ АМЬДРАЛЫН МИНЬ ХҮНД ҮЕИЙГ БОДОГДУУЛСАН

-Шар гэгээ УСК олон хүнд хүрч сайн муу шүүмжлэлийг аваад байгаа. Кино уран бүтээл дээр ажиллах хэр ярвигтай ажил вэ?

-Нүсэр ажил. Тунг нь л тааруулах хэрэгтэй. Мэдээж хүн зовлон туулах тусмаа зовлонгоо нуудаг. Шар гэгээ кино их хүнд сэдэвтэй л дээ. Тэр болгонд жүжигчин маань уйлаад, дуулаад байх юм бол энэ уран бүтээл биш болно.

-Та сая хэлж байна. Зовох тусам зовлонгоо нуудаг гээд. Та хэр зовлонгоо нуудаг вэ?

-Хүнд ил гаргаад байх дургүй.

-Шар гэгээ кинонд таны туулсан хүнд үеийг мэдрүүлсэн сцени бий юу?

Байгаа. Бараг тэр чигтээ гэж хэлж болно.  Аавын тал руу аль болох киногоо татахыг хүссэн. Батнаагийн гарч ирээд уйлдаг сцени гэх мэт...Хүний амьдралд уйлах шалтгаан олон бий л дээ.  Би таван хүүхдийн эцэг хүн. Хоёр том маань охин. Араас нь булцайсан цагаан хүүтэй болоод бөөн баяр болж байлаа. Хэд хоногийн дараа хүү минь өвдөөд эмнэлэг дээр очиход хүнд өвчтэй болж таарсан. Хүсэн хүлээсэн тэр үе маань хөмөрчхөж байгаа юм. Нэг хагалгаанд орлоо, ямар ч байсан даваад гараад ирлээ. Хоёр дахь хагалгаанд орсон. Эх нялхас дээр шөнийн 11 цагт хүүхдээ хагалгаанд оруулсан... Хоёр цагийн хагалгаа болно гэж орсон юм. Үүрийн дөрвөн цаг хүртэл хагалгаа үргэлжилсэн. 

ХҮҮ МИНЬ ААВ ЭЭЖИЙНХЭЭ ШААНСЫГ ШАЛГАЖ, ҮЛДСЭН

Тэр үед эмч маань хэлж байлаа. “Малгайгаа аваад л ирэх юм бол эр хүн байна даа. Миний хүү ойлгох биз. Залуу байна. Чамд нас байна. Амьдрал байна.  Ойлгоорой” гээд. Тийм мэдээ сонсчихоод хүлээх маш хүнд.  Ядаж байхад эмнэлгийн хаалгаар малгайгүй хүн их гарч ирнэ.  Малгайгүй хүн гарч ирэх тоолонд л хүүхдээ алдчихаж байгаа мэт мэдрэмж төрнө. Тэр болгонд зүрх хаагдчих гээд. Гэсэн ч бас эхнэрээ зоригжуулчих гээд л. Шаанс шалгана гэдэг шиг, хүү минь аавынхаа, ээжийнхээ шаансыг сайн шалгасан.

-Хагалгаа амжилттай болоо юу?

-Тийм ээ. Миний хүү аавыгаа, ээжийгээ нэг сайн айлгаж аваад, дахиж зовоогоогүй.

Хагалгааны дараахан хүүтэйгээ уулзмаар санагдаад болдоггүй. Тэр үед би ажлаар хөдөө явах болсон юм л даа. “Намайг долоо хоног яваад ирэхэд миний хүү амьд байна гэвэл би санаа амар явъя. Үгүй гэвэл би уулзъя” гээд эмч нартаа хэлсэн. Аав нарыг сэтгэлийн хат муу байдаг гээд уулзуулдаггүй юм билээ л дээ.  Тэгэхэд эмч нар хуралдаад намайг уулзуулсан.  Тэгэхээр тэр долоо хоног надад там байдаг юм байгаа биз дээ. Намайг эргээд ирэхэд миний хүүхэд байхгүй юм байна гээд л бодно.  Тэгээд л орлоо. Хүүтэйгээ би сэхээнд орсноос нь хойш уулзаж чадаагүй юм.

Миний хүү уг нь дөрвөн кг гаруй жинтэй, том төрсөн юм. Орж уулзахад жижигхэн, хоёр кг жинтэй, алгын чинээ болчихсон байлаа. Баахан юм залгачихсан. Амьсгалж чадахгүй. Хүчээр амьсгалуулаад л. Хэцүү шүү дээ. Хүсэж хүсэж олсон хүү минь ингээд байдаг.  Ороод л хүүхдээ хараад хүн тэсдэггүй юм билээ. Эмнэлгийн орчны дүд дүд гээд л дуугарах чимээ... Энэ миний л зовлон л доо. Эргэн тойронд зөндөө л хүүхэд байсан.

Би өөрийн эрхгүй хүүхдээ загнасан. Ингэхдээ шууд “яваарай” л гэсэн.  “Над шиг аав, ээж шиг чинь ээж чамд олдохгүй шүү. Хүн болвол болоорой. Болохгүй бол яваарай” гээд.

БУРХАНТАЙ ХЭРЭЛДЭЭД, УЙЛЖ ЯВСАН ҮЕ МИНИЙ АМЬДРАЛД БИЙ

-Хүүгээ яваарай гээд загнасан гэхээр, миний хувьд их хүнд санагдаж байна л даа. Та юу бодож тэгж загнасан юм бэ?

-“Хамгийн сүүлийн уулзалт юм уу.  Алгын чинээ хүүтэйгээ би хамгийн сүүлд уулзаж байгаа юм уу. Эргээд ирэхэд магадгүй миний хүү өнгөрчих юм байна. Явж байх хугацаанд л дуудчих юм байна” гээд л их айж байсан. Магадгүй сүүлийн уулзалт юм шиг л загнасан байх.  Сэхээний үүдэнд сууж байхад өглөө бүр нэг аав, ээж хүүхдээ алдаад уйлаад явж байдаг. Хэзээ энэ мөч над дээр ирэх бол оо гэх бодол алсдаа байж л байсан. Би эхнэрээсээ нуугаад оршуулгын зардал хүртэл хадгалж байсан шүү дээ. Тэр загнасан мөчөөс хойш миний хүүхэд намайг айлгахаа больчихсон. Сонин...

-Ажлаар явсан долоо хоног хамгийн урт, хэцүү өдрүүд байв уу?

Тэр долоо хоног надад там шиг байсан. Тэгээд иртэл хүүхдээ эмнэлгээс гарга гэж байна. Тэр үед би чинь бурхантай хэрэлдэж байсан үе юм.  Яагаад амьнаасаа илүү хайралж хамгаалж байхад ийм зовлон өгдөг юм.  Би юуг буруу хийсэн юм гээд шөнө ганцаараа уйлаад алхах үе надад байсан. Ингээд миний хүү дүүтэй болсон. Болох болохдоо хоёрын хоёр ихэр залуутай болсон. Бурхан зовлон жаргал хоёрыг дэнсэлдэг л юм билээ.  Зовлонг даваад гарсан хүнийг энэрдэг л юм байна гэж бодогдсон.  Аав ээж байхын зовлон жаргал их юм билээ. 

-Ярилцсанд баярлалаа.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна