Ц.ХУЛАН: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ ХАЛДВАРТ ӨВЧИН ШИГ ХҮЛЭЭЖ АВДАГ ХҮМҮҮС ОДОО ХҮРТЭЛ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаараар Нийслэлийн 63 дугаар сургуулийн, тусгай хэрэгцээт боловсролын багш Ц.Хулантай ярилцлаа. Ажиллаж эхлээд гурван жилийн нүүрийг үзэж буй түүнд шантрах үе олон тохиосон ч, “надаас өөр тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд хэн хичээл зааж, боловсрол олгох билээ” гэх бодол тээн, хичээсээр өнөөдрийг хүрчээ. Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжил эзэмшихээр шийдсэн түүнийг эргэн тойрны хүмүүс нь эсэргүүцэж байсан удаа олон гэнэ. Ц.Хулан багшийн анги 15 хүүхэдтэй. Сурагчдын дийлэнх нь аутизмын эмгэг, дауны синдромтой аж. Хүүхдүүдийнхээ элгэмсэг, дотно байдалд урам зориг орчихдог хэмээн ярих тэр, “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэршлээр тэдгээр хүүхдүүдийг гадуурхаж, халдварт өвчин мэт хүлээж авдаг олны хандлагад эмзэглэж явдаг талаараа хуваалцсан юм.

-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Мэргэжлээ сонгох болсон шалтгаанаа манай үзэгчдэд хуваалцаач?

-Би арван жилд байхдаа, нэг сонсголын бэрхшээлтэй хүнтэй уулзах шаардлага тулгарч байсан юм. Тэр үед би тухайн хүнийг ойлгож чадаагүй ээ. Тэндээс л тусгай хэрэгцээтэй хүмүүс байдгийг илүү гүн мэдэрч, тэдэнд боловсрол олгох мэргэжил сонгох хэрэгтэйг ойлгож байлаа. Миний эргэн тойронд тусгай хэрэгцээтэй хүн байгаагүй юм билээ. Энэ уулзалт л миний амьдралын чигийг заасан даа.

-Хоёулаа тусгай хэрэгцээт хүмүүсийг ялгадаг, гадуурхдаг олон нийтийн хандлагын талаар ярих гэж байгаа шүү дээ. Сөрөг хандлагыг олон нийт хэрхэн гаргадаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэт их өрөвдөх гээд байдаг юм шиг санагддаг. Ойлгох гэхээсээ илүү өрөвдөөд л, “Ишш энэ нэг амьтан яаж хүн болно оо” гээд л. Уг нь хүн болчихсон хоёр нүднийх нь өмнө нь байгаад байна шүү дээ. Хүүхэд бүр адилхан. Чи хөгжлийн бэрхшээлтэй болохоор энэ ангид сур гэж ялгаварлах биш, бүгд суралцах боломжтой нийгмийг бүтээх ёстой гэж боддог. Гэтэл нэг ангид аутизм, даунтай хүүхэд  элсээд сурахаар, багш нар, эсвэл хүүхдүүдийн эцэг эх нь маш хандлагын доголдолтой байдаг. Энэ хүүхэд манай хүүхдэд өвчин халдаачих вий. Энэ хүүхэд манай хүүхдэд сөргөөр нөлөөлнө гэдэг асуудлыг ярьдаг. Уг нь эсрэгээрээ юм л даа. Хүүхдүүд нийгэмд олон янзын хүн байдаг. Гэсэн ч  хүн бүр адилхан эрхтэй гэдгийг багаасаа ойлгож өснө. Гэтэл аав, ээжүүд эсрэгээрээ манай хүүхэд “ийм зүйл” харж болохгүй гээд хүрээллийг нь хаагаад байдаг сул талтай.

-Гашуун яриа нэвтрүүлгийн нийт дугаарын бараг 30 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хөндсөн байдаг. Эндээс харахаар тэд “хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэршилд их дургүй байдаг юм. Та юу гэж боддог вэ?

-Нийгэмд хаанаас ч гараад ирсэн юм гэмээр стандартыг бий болгоод өгчихдөг юм шиг. Бараг намхан байж болохгүй. Эмэгтэйчүүдийн өндөр 160 см байх ёстой. Эсвэл эрэгтэйчүүд 160 см байх юм бол, намхан, чи бараг эмэгтэй гэх гээд л. Энэ нь аливаа зүйлийг стандарчилж, ялгаварлал бий болгож өгөөд байдаг. Заавал ийм байх ёстой гээд л. Заавал онц сурах ёстой гэдэг ч юм уу. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлээд байгаа боловч нийгэмд бид бүгд адилхан хүн. Нийгэмд илүү давуу онцлогтой байна л гэсэн үг.

Хүүхдүүд маань хэдий аутизмын эмгэг, дауны синдромтой гэж ангилагдаад хөгжлийн бэрхшээлтэй гэх нэршилд ордог ч бүгд өөрийн гэсэн өссөн торнисон орчинтой, өөрийн гэсэн чадвар, онцлогтой байдаг. Би энд нэг өөр хүн сууж байна. Миний урдаас хараад сууж байгаа та бас нэг өөр хүн. Яг л үүнтэй адилхан.

-Хүүхдүүдийнхээ талаар яриач? Ямар давуу чанаруудтай вэ?

-Хүмүүс хэлдэг юм. Наад хүүхэд чинь сурахгүй, заах хэрэг байгаа юм уу гээд л. Зарим эцэг эхчүүд ч хэлдэг. Яана аа манай хүүхэд сурах уу, сураад хэрэг байгаа юм уу гээд л.  Нээрээ ч тийм юм бол уу гэж бодох үе надад байсан. Гэхдээ үгүй. Сурахаараа маш сайн сурдаг. Сураад түүнийгээ мартдаггүй хэрэгжүүлдэг. Нэг урамтай зүйл юу байсан гэхээр, хүүхдүүд маань завсарлагаанаар бие засна. Манай ангийнхныг харж байгаа үйлчлэгч нар байдаг. Би нэг эгчтэй ангийнхныгаа 00-оос гарч ирэхийг нь хүлээж байсан чинь, “Танай хүүхдүүд ямар сайн юм бэ” гэсэн. Яаж байна гэсэн чинь бүгд усаа татдаг юм байна гээд л. Бусад хүүхдүүд бие засчихаад л, усаа татахгүй гүйгээд гараад ирдэг юм байна. Манай хүүхдүүд бол бие засаад заавал усаа татна. Заавал гараа угаадаг. Хэлүүлэхгүйгээр хийгээд сурчихсан. Бусад хүмүүст манай хүүхдүүдийн төлөвшил хандлага тэгж сайнаар нөлөөлдөг.  Үйлчлэгч эгч нар цэвэрлэхэд нь хүртэл урамтай шүү дээ.

-Танай ангийн хүүхдүүд их элгэмсэг, халамжтай гэж та хэлсэн. Яаж илэрдэг юм бэ?

-Хүүхдүүд маань стресс тайлж өгдөг газар шиг л байдаг. Ангидаа орохоор, “багш аа” гэж гүйж ирээд тэвэрч авдаг. Өмнөх өдөр нь надад юу ч тохиолдсон байж болно шүү дээ. Энэ болгоныг хүүхдүүддээ гаргахгүй байгаа ч гэсэн тэд маш сайн мэдэрдэг. Жаахан өвдчихсөн байх үед, ирээд толгой барьж үзээд л, багш өвдөөд байгаа юм болов уу гээд тэвэрч үзээд л маш их халамжийг өгч чаддаг. Их дулаахан хүн болж төлөвших байх.

-Тусгай хэрэгцээт хүмүүст тулгамддаг асуудлыг олон жил ярьсан. Тоодог ч хүн байхгүй мэт... Та юу гэж боддог вэ?

-Саяхан нэг ээжтэй яриад зогсож байсан юм. Тэгэхэд, “охин маань байгаа цагт үхэх ч эрхгүй” гэсэн. Энэ үгнээс би юу бодсон гэхээр, тэр хүний сэтгэл зүйг бид ямар аймар гэмтээгээд байгаа юм бэ. Би үхэх эрхгүй гэж бодох хэмжээнд юу нөлөөлж байна гэхээр нийгэм, хүрээлэн байгаа орчин нь. Уг нь орчин сайн бол тайван орхиод л гарна шүү дээ. Тэр хүн хүүхдэдээ итгэхгүй байгаа биш, нийгэмдээ итгэхгүй байгаа юм. Хүүхдээ аваад үхнэ гэж хэзээ ч байхгүй. Уг нь сэтгэл амар үлдээмээр байна шүү дээ. Энэ их зовнилыг нийгмийн хандлага, орчин нөхцөл л тухайн аав ээжүүдэд мэдрүүлээд байгаа юм.

-Бид юу хийж чадах вэ? Таныг үзэж байгаа хүмүүс, тантай ярилцаж байгаа би юу хийвэл энэ асуудал дээрдэх вэ?

-Ерөөсөө л хандлага. Өөр байгаагийнх нь төлөө битгий гадуурх. Өрөвдөхгүйгээр ойлго. Ингээд л боллоо.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-12-03

yamar goy yariltslaga be

66.181.181.204


comment image

Зочин - 2023-12-09

mundag shvv chi mini

59.153.112.67