“Аав, ээж минь надад эрүүл саруул бие, цэлмэг ухаан, чанартай боловсрол эзэмшүүлсэн учраас үлдсэн амьдралаа өөрөө хөдөлмөрлөж бүтээх ёстой гэж боддог. Дээрээс татах, доороос түлхэх хүч байхгүй ч тууштай хөдөлмөрлөж, хариуцлагаа ухамсарласан минь надад хамгийн том дэм болсон” хэмээн ярих түүнийг Төрмөнхийн Пүрэвхатан гэдэг.
Тэр хуульч, инженер мэргэжилтэй. 1999 онд БЗС-ийн зээлээр АНУ-д суралцах гээд шалгалт өгсөн ч түүнийг тэнцүүлээгүй байна. 20 гаруй жилийн турш мөрөөдлөө орхихгүй тээж явсаар АНУ-д очих онгоцны тасалбар, сургалтын төлбөр, байрны мөнгө гээд бүх зардлаа өөрийн бизнесээр босгож, 2022 онд мөрөөдлөө биелүүлсэн нь түүний тууштай занг илтгэнэ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажилладаг. Улс төрч, бизнес эрхлэгч, ээж, эзэгтэй гээд амьдралын олон өнгөөр гэрэлтэж яваа жирийн л нэг монгол бүсгүй. Эрүүл, боловсролтой монгол хүнийг бий болгохыг зорьж, удирдлагын түвшинд эмэгтэй хүн яаж манлайлж болохыг харуулж буй нэгэн жишээ. Түүний хамгийн гол зарчим хариуцлагатай байх. Бизнес эрхэлж, баялаг бүтээж, бодлого боловсруулах гээд амьдралын бүхий л үед хариуцлага хамгийн чухал гэдгийг дахин дахин хэлж байлаа.
“Сайн байна уу” контентын энэ дугаарын зочин “Натур мед” уламжлалт, сэргээн засах эмнэлгийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Натур мед толун” багийн эзэн Төрмөнхийн Пүрэвхатаны ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
“ҮРГЭЛЖ СУРАЛЦАЖ, МЭДЛЭГ ХУРИМТЛУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ”
Т.Пүрэвхатан Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэр 1998 онд 18 настайдаа оюутан болж, Улаанбаатар хотод анх ирсэн аж. Ингээд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг кадастрын инженер мэргэжлээр төгсжээ. Үүний дараа хууль зүйн ухааны магистр хамгаалж, хуульч мэргэжил эзэмшжээ. “Хүн үргэлж сурч, дээшилж байх ёстой” гэдэг үзэлтэй тэр үргэжлүүлэн үндсэн мэргэжлээрээ буюу геодиз, кадастрын чиглэлээр магистр хамгаалж, одоо докторантаар сурч, судалгааны ажлууд хийж байна.
Мөн Удирдлагын академийг төрийн удирдлага, менежер мэргэжлээр төгссөн. 2022 онд АНУ-ын Вашингтон хотноо мэргэжил дээшлүүлээд ирсэн хуульч, инженер мэргэжилтэй бүсгүй юм. Одоо Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, гишүүнээр ажилладаг.
“ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС, ЦЭВЭР ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ БИЗНЕСЭЭ БОСГОСОН”
Т.Пүрэвхатан 22 настайдаа их сургуулиа төгсөөд, кадастрын мэргэжилтнээр Баянгол дүүргийн ЗДТГ-аас ажлын гараагаа эхлүүлжээ.
Тэрээр “Манай төрийн албаны туршлагатай, мундаг ах, эгч нар намайг өлгийдөн авч, маш их зүйлийг зааж өгсөн. Би нийт БЗД-т, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Эрчим хүчний зохицуулах хороо гээд арав гаруй жил ажилласан.
2013 оноос ахтайгаа хамтран бизнес хийж эхэлсэн. Аав, ээжээс өвлүүлэх бизнес байсангүй. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө бүх зүйлээ тэгээс нь эхлүүлж, ханьтайгаа, ахтайгаа нийлж бизнесүүд хийсэн. Анх их олон зүйл хийж байлаа. Дэлгүүрийн худалдагч ч хийж байлаа. Арван тоосгон граж худалдаж аваад, банкнаас зээл авч, өөрийн байраа тавиад, 13-р хороололд оффисын барилга барьж байлаа. Урагшаа зүтгэж л байгаа юм хойно, зээл нь төлөгдсөөр амжиллтай болсон.
2017 оноос “Натур мед” уламжлалт, сэргээн засах эмнэлгийг барихаар төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. 2017 онд манай төсөл хэрэгжиж эхлээд, 2020 онд ашиглалтад орсон. Монгол улсад хамгийн анхны уламжлалт, сэргээн засахын олон улсын жишиг стандартад нийцсэн, хувийн, хамгийн олон ортой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмчилгээний үр дүн нь маш сайн эмнэлгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.
Улс төрд орохоор “Хэний хүн бэ”, бизнес хийвэл “Хэний мөнгөөр вэ” гэдэг хандлагууд ажиглагддаг. Би яг л бор зүрхээрээ, өөрийнхөө хүчээр боссон. Тиймээс хэн нэгэнд харъяалагдаж, бизнест ч хэн нэгний хараат байх ёсгүй гэж боддог. Миний бүх зүйл маш тодорхой, нээлттэй, ил тод учраас юунд ч эмзэглэдэггүй. Заавал нэг хүний хараат байх ёсгүй.
“ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ТУЛТАЛ НЬ ХИЙЖ, ҮР ДҮНГ НЬ ХАРАХ ДУРТАЙ”
Би нэг зүйлийг хийхээрээ хамгийн дээд түвшинд нь очтол хийхийг хүсдэг. Хоёрын хооронд хийх бол хийгээд хэрэггүй. Бизнес хийсэн ч, сурсан ч, амьдарсан ч, ажилласан ч бүх зүйлийг хамгийн дээд түвшинд нь хийж, бүх зүйлд хэзээ ч шантрахгүй, няцахгүй, бууж өгөхгүй байх юм сан гэж боддог. Энэ зүйлсийг л амьдралдаа зарчим болгоод явж байна. Үүнийгээ их л зөв зүйл гэж хардаг. Жишээ нь, манайх “Натур мед толун” гээд волейболын багтай. 2020 оноос энэ клуб маань үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх л клубуудын аварга, Азийн аварга, Дээд лиг зэрэг тэмцээнүүдэд нэгдүгээр байр, алтан медаль авах зорилготой. Манай шигшээ багийн олон мундаг залуу байдаг. Клубыг нэгэнт ивээн тэтгэж, ажиллуулж байгаа бол тултал нь явах ёстой гэж боддог. Үндэсний дээд лигийн хоёр удаагийн хошой аварга багтай” гэв.
“ХАЛУУН ДУЛААН, ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ БАХАРХДАГ”
Төрмөнхийн Пүрэвхатан нөхөр, хоёр охины хамт амьдардаг. Амьдралдаа бүтээсэн хамгийн нандин, үнэ цэнтэй зүйл гэр бүл минь бахархал дүүрэн хуваалцаж байлаа.
Тэрээр “Миний ханийг Булганы Ууганбаяр гэдэг. Бид оюутан байхдаа танилцсан. Одоо 20 гаруй жил ханилж байна. Бараг харцаараа, хөдөлгөөнөөрөө ойлголцдог болсон. Хоёр сайхан охинтой. Манай том охин Австрали улсын Мельбурний их сургуульд олон улсын эдийн засагч, шинжээч, аудитороор сурч байна. Бага охин маань арван жилийн сурагч. Миний амьдралын гол утга учир, өнөөдрийг бүтээсэн он цаг, хугацааны үнэт зүйл маань миний гэр бүл гэж боддог” гэлээ.
“АНУ-Д СУРАХ МӨРӨӨДЛӨӨ 20 ЖИЛИЙН ДАРАА БИЕЛҮҮЛСЭН”
“Би арван жилд байхаасаа, оюутан болсноосоо хойш өөрөө л хичээх ёстой. Хэнд ч найдахгүй, зөвхөн өөртөө найдах ёстой гэдэг ойлголттой байсан. Хүн надад мөнгө өгөхгүй. Тиймээс өөрөө зүтгэх ёстой. Миний аав, ээж надад ийм сайхан боловсрол олгож, эрүүл саруул өсгөсөн. Үүнээс хойших зүйлсийг би өөрөө л цаашаа авч явах ёстой. Үнэхээр заавал танил тал, ах, дүү, дээрээс татах хүч, доороосоо түлхэх хүч байхгүй ч өөрөө явсаар өнөөдрийн Пүрэвхатаныг, энэ бизнесийг бүтээсэн гэж боддог. Ямар сайндаа л, би 1999 онд боловсролын сангийн зээлээр сурах гээд Боловсролын яаманд шалгалт өгөөд, намайг тэнцээгүй байна гэсэн. Би тэр мөрөөдлөө өнөөдрийг хүртэл хаяагүй явж байгаад, өөрөө бизнесээ хийгээд, АНУ-д очиж сурах сургалтын төлбөр, байрны зардал, онгоцны тасалбар гээд тэр бүх зүйлээ бэлдэж байгаад 20 гаруй жилийн дараа АНУ-д очиж сурч, мөрөөдлөө биелүүлж байх жишээтэй. Энэ бүх зүйлийг хийхэд хариуцлага маш чухал. Хүн хариуцлагаа ухамсарлах ёстой. Бүх зүйлд хариуцлага маш чухал. Юу ч хийсэн, хэзээ ч хөнгөн хандаж болохгүй гэсэн зарчимтай” гэв.
“ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬДОГ”
“Өөрийнхөө амьдрал ахуйг засаагүй байж төр, олон түмний төлөө явна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс биеэ засаад, гэрээ засаад, төрөө зас гэдэг. Өнөөдөр би ханьтайгаа 20 гаруй жил амьдраад, хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарч, ээж, эхнэр байх үүргээ биелүүлж байна. Мөн хувийн бизнесээ босгож, 200 орчим хүн ажлын байраар хангаж байна. Одоо сурч мэдсэн зүйлсээ олон хүнд, нутаг орондоо хүргэх юм сан гэж хичээж байна. Олон түмний төлөө, олон эмэгтэйн амьдралыг сайхан болгох юм сан, олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх гэж сэтгэл зүрхээ чилээж, сүүлийн долоо, найман жил тууштай, зөвхөн энэ зүйлд анхаарч байна.
Миний хувьд хамгийн түрүүнд өөрчилж, шинэчлэх гэсэн зүйл маань ерөөсөө л эрүүл болон боловсролтой монгол хүн бий болгох. Ээж, аавууд бид ямар ч байсан хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх юм сан. Дараа нь сайхан боловсролтой болгох юм сан. Үүнээс хойш миний хүүхдүүд өөрсдөө амьдралаа аваад явчихна гэж боддог. Яг үүн шиг улс орон ч яг адилхан юм байна. Бүх монголчууд эрүүл, боловсролын тэгш тогтолцоотой байж залуучуудаа боловсролтой болгоход бүх талаас нь дэмжих ёстой гэж боддог. Тийм байхад манай залуучууд өөрсдөө нийгмээ өөрчлөөд, цааш нь аваад явах бүрэн боломжтой гэж хардаг” гэв.